2024.12.23 - 2024.12.27

ОНЦЛОХ ИШЛЭЛ

"Хөрөнгө оруулалтаа 100 дахин өсгөх 10 хувийн магадлалтай боломж

олдвол тус боломжийг олдох бүрд нь ашиглах хэрэгтэй."

- Жефф Безос

ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛ

МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Монгол улсын хувьцааны зах зээлийг төлөөлөх ТОП-20 индекс өнгөрөгч 7 хоногт өсөлттэй байлаа. Тодруулбал, Монголын хөрөнгийн биржийн ТОП-20 индекс 50,866.16 нэгжид хүрч 1.15 хувийн өсөлттэй хаагдлаа. 
  2. Эрчим хүчний зохицуулах хорооноос цахилгааны тарифыг 2024 оны 11 сарын 15-ны өдрөөс эхлэн нэмэгдүүлээд байгаа билээ. Үүний үр дүнд улсын хэмжээнд айл өрхийн цахилгааны сарын төлбөр ойролцоогоор 40 орчим хувиар нэмэгдэх хүлээлттэй байна. Тог цахилгааны үнэ нэмэгдсэн нь айл өрх болон бизнесийн байгууллагын суурь зардлыг нэмэгдүүлэх ба үүний үр дүнд инфляцын түвшний өсөлтөд цаашид шууд нөлөөлөх хүлээлттэй байна. Мөн 12-р сарын 20-ны өдөр Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж, "Эрдэнэс Тавантолгой" ХК гүйцэтгэлээсээ хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг тараахаар болсон нь зах зээлийн эрэлтийг нэмэгдүүллээ. Тус 2 хүчин зүйлийн нөлөөгөөр инфляцын түвшин эргэн өсөж болзошгүй байна. Монгол улсын инфляцын түвшин 2024 оны 11-р сарын байдлаар 8.1 хувь байна. Монгол улсын зорилтот инфляцын түвшин 4 хувиас 8 хувийн хооронд юм.
  3. Монголбанкны мөнгөний бодлогын хороо 2024 оны 12 дугаар сарын 12, 13-ны өдрийн ээлжит хурлаараа бодлогын хүүг 10 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргасан билээ. Бидний хувьд тог цахилгааны үнэ нэмэгдсэн болон зах зээлийн эрэлт өндөр байгааг харгалзан үзэж Монголбанкийг ойрын хугацаанд бодлогын хүүгээ бууруулахгүй гэж таамаглаж байна.

АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ 

  1. Зул сарын баярыг тохиолдуулан АНУ-ын хөрөнгийн зах зээлийн арилжааны идэвх бага байсан боловч зах зээл үргэлжилсэн өсөлтөө хадгалж 7 хоногт бага хэмжээний өсөлттэй хаагдлаа. Хувьцааны зах зээлийг төлөөлөх S&P 500 индекс 0.67 хувь, технологийн компаниудын жин их дарсан NASDAQ Composite индекс 0.76 хувийн өсөлт тус тус үзүүллээ.
  2. Даваа гарагт АНУ-ын хэрэглэгчийн итгэлцлийн индексийн үзүүлэлт мэдээлэгдлээ. 11-р сард 112.8 байсан хэрэглэгчийн итгэлцлийн индекс 12-р сард 104.7 болж буурсан үзүүлэлттэй гарлаа. Хэрэглэгчийн итгэлцлийн индекс буурсан хэдий ч сүүлийн 2 жилийн хугацааны дундаж түвшиндээ байна.
  3. АНУ-ын Хөдөлмөрийн яам 7 хоног тутмын ажилгүйдлийн тэтгэмж хүсэгчийн тоо 219,000 болж буурсныг мэдээллээ. Энэ нь 11-р сарын дунд үеэс хойших хамгийн бага үзүүлэлт боллоо.

ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ 

  1. Европын зах зээл өнгөрөгч 7 хоногт өсөлттэй байлаа. Тодруулбал, Europe 600 индекс 0.99 хувь, FTSE 100 индекс 0.81 хувийн тус тус өсөлттэй байлаа. 
  2. Их Британийн Үндэсний Статистикийн Хороо өнгөрөгч 7 хоногт 2024 оны 3-р улирлын эдийн засгийн өсөлтийн эцсийн тооцооллыг 0.1 хувиас 0.0 хувь болгон буурууллаа. Тус байгууллага нь мөн 2-р улирлын өсөлтийн таамгийг 0.1 хувиар бууруулсан юм. Эдийн засгийн өсөлт буурсан өөрчлөлтүүд нь төсвийн зардлыг нэмэгдүүлэхгүй байхад нөлөөлж байна.
  3. АНУ-ын худалдааны бодлого шинэчлэгдсэнээр өөрчлөгдөж зах зээлийн үр дагавар нь Евро бүсийн цаашдын Мөнгөний бодлогын ирээдүйн чиглэлд тодорхойгүй байдал үүсгэж байгааг Европын төв банкны бодлого тодорхойлогчид онцоллоо.

ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ 

  1. Япон улсын хувьцааны зах зээл өнгөрөгч 7 хоногт өсөлттэй байлаа. Nikkei 225 индекс 4.08 хувь, TOPIX индекс 3.69 хувийн тус тус өсөлттэй хаагдлаа. Иений ханшийн сулрал нь экспортод суурилсан салбаруудын ашгийг дэмжих тул улмаар хувьцаанууд өсөлттэй байлаа. Япон улсын төв банкны болгоомжтой хандлагаас шалтгаалан иений ханш ам.долларын эсрэг сүүлийн 5 сарын доод түвшинд байна.
  2. Япон улсын төв банкны Ерөнхийлөгч эдийн засгийн үзүүлэлтүүд сайжирвал бодлогын хүүг дахин өсгөх болохыг онцоллоо. Тэрээр бодлогын хүүг өсгөх тохиромжтой цаг нь ирэх хүртэл эдийн засгийн голлох үзүүлэлтүүдийг харна хэмээн хэллээ.
  3. Токио хотын инфляцын түвшин 12-р сард жилийн өмнөх үеэс 3.0 хувь өссөн үзүүлэлттэй гарлаа. Суурь инфляцын түвшин 2.4 хувьд хүрч өссөн үзүүлэлттэй гарлаа. Япон улсын төв банкны зорилтот инфляцын түвшин 2 хувь тул инфляцын түвшин зорилтот түвшнээс өндөр байна.

БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ 

  1. БНХАУ-ын Засгийн газар эдийн засгийн өсөлтийг дэмжих нэмэлт арга хэмжээнүүдийг зарлах магадлалтай гэх хүлээлттэй холбоотойгоор тус улсын зах зээл өсөлттэй байлаа. Тодруулбал, Shanghai Composite индекс 0.95 хувь, CSI 300 индекс 1.36 хувийн тус тус өсөлттэй хаагдлаа. 
  2. Албан бус мэдээллээр БНХАУ-ын бодлого тодорхойлогчид 3 их наяд юанийн бонд босгож эдийн засгаа дэмжих арга хэмжээг эрчимжүүлэхээр төлөвлөж байгаа байна. Энэ нь өнгөрөгч жилүүдэд хэрэгжсэн эдийн засгийг дэмжих зорилготой бондын хөтөлбөрүүдтэй харьцуулахад өндөр дүн болж байна. Тус улсын зүгээс АНУ-ын ирээдүйд хэрэгжихээр хүлээгдэж буй худалдааны бодлогоос үүсэх хоорондын хурцадмал байдалд бэлтгэж байгааг илтгэж байна. Бондын санхүүжилтийг компаниудын татаас болон инновацад суурилсан салбаруудад хөрөнгө оруулах байдлаар зарцуулах хүлээлттэй байна.
  3. БНХАУ-ын Ардын банк дунд хугацааны зээлийн эх үүсвэрээр дамжуулан банкны системд 300 тэрбум юанийн санхүүжилт орууллаа. Мөн зээлийн хүүг 2 хувьд өөрчлөлтгүй хэвээр үлдээлээ.

АМ.ДОЛЛАР / ТӨГРӨГ 

2008 оноос хойших ам.доллартой харьцах төгрөгийн ханшийн хөдөлгөөнийг дараах графикт үзүүллээ. Ханшийн хөдөлгөөнийг ажиглавал 4 жилийн зайтай 4 удаа тогтмол цикл хөдөлгөөн хийгдсэн байна.

Уг 4 жил тутамд хийгддэг цикл хөдөлгөөн нь Монгол Улсын сонгуультай жилүүдтэй давхцаж байгаа ба 2008 оноос хойших 4 удаагийн хөдөлгөөнийг харвал тухайн сонгуулийн жилээс эхлэн төгрөг ам.долларын эсрэг 25 хувиас 30 хувь орчим сулардаг байна.

Цаашид уг давтамжийн дагуу энэхүү хөдөлгөөн үргэлжилбэл төгрөгийн ханш ам.долларын эсрэг суларч 1 ам.доллар ойрын 2 жилийн хугацаанд 4,250 төгрөгөөс 4,500 төгрөгтэй тэнцэх хүлээлттэй байна.

БОНДЫН ЗАХ ЗЭЭЛ

Монгол улсын Засгийн газраас арилжаалсан эрсдэл бага ам.долларын бондуудын эзэмших хугацааны 1 жилийн өгөөж дуусах хугацаанаасаа хамаарч ам.долларын 6.23 хувиас 6.90 хувийн хооронд байна. Мөн Улаанбаатар хотын бондын өгөөж 6.70 хувь байна. 


Монгол улсаас олон улсын зах зээлд арилжаалсан компанийн бондуудын өгөөж 6.49 хувиас 10.63 хувийн хооронд арилжаалагдаж байна. 


Харилцагч та дараах бондууд болон АНУ-ын Засгийн газрын бондод хөрөнгө оруулах боломжтой.

Дэлгэрэнгүй

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН МЭДЭЭ

"ТЖТБ" ХХК-ИЙН "GREEN RECYCLE" БОНД ХӨТӨЛБӨРИЙН 2-Р ТРАНЧИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ХААГДЛАА

 2024.12.27


Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны 07 дугаар сарын 05-ны  өдрийн  339 дугаар тогтоол, “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/241 тоот тушаалын дагуу "ТЖТБ" ХХК-ийн Ногоон бондын хөтөлбөрийн II транчийн анхдагч зах зээлийн арилжааг 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс эхлүүлсэн.


Дэлгэрэнгүй